2014-10-29

Хөгжмийн урлагын тухай сэтгэгдэл

Би уг нь урлагийн хүн биш гэхдээ хөгжмийн урлагийн талаархи өөрийн ажигласан зүйлсээ болхидуухан холбох гэж оролдлоо.

Өнгөрсөн жил монголд Т-ара гэх солонгос охидын хамтлаг мөн Blue гэх үеээ өнгрөөсөн ч дэлхийн хэмжээний хамтлаг тоглолтоо хийсэн. Blue хамтлагийн тоглолтын зурагнаас харахад  олон хүн ирсэн харагдаагүй зохион байгуулагчид нь нэг билетээр хоёр хүн оруулна гэсэн зар тавьж байсныг санаж байна. Харин Т-ара хамтлагийн зохион байгуулалт сайн болсоны дээр шүтэн бишрэгчид нь сэтгэлээсээ хандаж байгаа харагдсан. Лав интернет сэтгэгдэлүүдийг харахад уг нь Т-ара хамтлагын тоглолтыг хүн үзээгүй мэт харин Blue хамтлагийг шүтэн бишрэгчид олон мэт санагдахаар байвч тийм байсангүй. Ер нь дэлхийн хаана ч тийм байдаг. Жастин Бэйбэр гээд нэг хүүхдийг дэлхийд хамгийн олон хүн үзэн яддаг шигээ хамгийн олон өсвөр насныхан шүтэн бишэрдэг. Үүнээс дүгнэлт хийгээд үзвэл урлагт өсвөр насныхан илүү сэтгэлээсээ ханддаг нь ажиглагдаж байгаа юм. 

Сүүлийн үед дэлхийн шоу бизнест солонгосууд хүч түрэн орж ирж байгаа, одоо бол дэлхийд эхний гуравт орох биз. Солонгосчуудын шоу бизнесийн стратегийг харахад өсвөр насны хэрэглэгчидрүү анхаарах нь их байдаг юм байна. Учир нь уг насныхан урлагт цаг заваа зарцуулах боломж ихтэй, илүү сэтгэлээсээ ханддаг юм байна. Уг сонсогчид насаараа өсвөр насандаа байхгүй тул тухайн уран бүтээлч сонсогчидтойгоо хамт өөрсдийгөө хөгжүүлсээр, цаашид зах зээлээ хамгаалсаар явдаг. 

Үүнтэй дүйцэх монгол жишээ бол Камертон, Номин талст хамтлаг. Тэртээ 20 жилийн өмнө өсвөр насны дөрвөн хөвгүүн 18 нас, Бид гэх мэт дуугаа дуулсаар гарч ирэн тэр үеийн залуусыг байлдан дагуулж байсан. Өнөөдөр эдгээр залуусын шүтэн бишрэгчид  нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, жилдээ нэг удаа болдог тоглолтыг нь мөнгө харамлахгүй үзэж чадах боломжтой болсон харагдана. Үүнтэй адил жишээ гэвэл монголын хип хоп урлаг. 10 гаруй жилийн өмнө нийгэмд байр сууриа эзлээгүй өсвөр насныхан сонсдог байсан бол өнөөдөр тэр үеийн өсвөр насныхан нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай  залуус болсоноор монголчууд хип хоп урлагийг хүлээн зөвшөөрч байна. Уг зүйлээр би юуг илэрхийлэх гээд байна гэвэл бид өнөөдөр залуу үеээ тэр тусмаа өсвөр насныхан маань юу сонирхож байна гэдэгийг судлаж үзэн, дараа нь тэр масст зориулсан уран бүтээлийг түлхүү гаргах хэрэгтэй. Хамаагүй К-Попыг дууриаж болно. Эхлээд тэр массын сэтгэлийг татсаны дараа бага багаар хүмүүжүүлж болно. Өнөөдөр Камертон хамтлаг анх поп дуулж байсан бол дараа нь R&B дууллаа. Өнөөдөр Болд Монгол Поп  урсгалыг олонд таниулахаар хичээж байна. Гэхдээ энэ урсгалын хөгжмийг  залуу үе маань тэр тусмаа өсвөр үеийнхэн сонирхож байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ үгүй бол энэ үеийхэнд зориулсан Монгол Брэндийг/залуу хамтлагуудийг/ бий болгох, дэмжих хэрэгтэй тэд л монголын хөгжмийн урлагийн ирээдүйг тодорхойлох болно.

Нэгэнт ам нээвэл уушиг нээ гэдэг шиг дахиад урлагийн талаар бичэхгүй учираас бидэнд хамааралтай боловч энэ сэдэвээс бага зэрэг хазаагаад ганц хоёр зүйл нэмье.
Манай нийтийн урлагийхан хоёр хуваагдаад их удаж байх шиг байна. Нэг талд нь өөрсдийгөө нийтийн дуучид гэдгээ хүлээн зөвшөөрсөн нийтийн буюу бидний хэлдэгээр зохиолын дуучид, нөгөө талд нь өөрсдийгөө бараг сонгодог гээд ойлгосон рок попын уран бүтээлчид. Яг үнэндээ нийтийн дуу гэдэг ерөөсөө арилжааны шинж чанартай массд зориулсан уран бүтээлийг нэрэлдэг юм байна. Харин бид нэг нь ерөөсөө энэ нийгмийг мунхруулаад соёлоос хойш нь татаад байгаа мэт нүд үзүүрлээд байдаг. Үнэндээ Гүрбазар шүлгийг нь бичээд Балхжав аяыг нь зохиогоод Болд дуулахаар нийтийн биш дуу, Жавхлан дуулахаар нийтийн дуу болчихно гэж байхгүй л дээ. Энэ хоёрын ялгаа бол дууны найруулга төрөл жаанрын ялгаа л харагдаж байна. Тэгэхээр бид ерөөсөө энэ жижиг хайрцагны сэтгэлгээнээсээ гарах хэрэгтэй юм байна. 
Цоомоо 2014.10.29

No comments:

Post a Comment