2014-02-18

ЯМАР ЗАМААР ЯВАХ ВЭ?


Бид өнөөдөр эдийн засгаа хөгжүүлэхэд аж үйлдвэр чухал гэдгийг мэдэж байгаа боловч хаанаас эхлэх нь зөв гэдэг дээр төөрөлдөөд байгаа бололтой. XVIII-XIX зууны үеийн аж үйлдвэрийн хөгжилийн процессийг өнөөдөр бидний нэг нүдээрээ үздэггүй Карл Маркс сайхан хэлсэн байдаг юм. Түүнээс ишлэвэл “Аж үйлдвэрийн хуучин байсан феодалын буюу цехийн зохион байгуулалт шинэ зах зээлийн хамтаар нэг адил нэмэгдсэн хэрэгцээг цаашдаа хангаж чадахгүй болж, түүний орыг мануфактур эзлэв. Цехийн мастерууд аж үйлдвэрийн дунд язгуурынханд түрэгдэж, элдэв корпорац нэгдлийн хоорондох хөдөлмөрийн хуваарь арилж, дархны газар тус тусын доторхи хөдөлмөрийн хуваарьт байраа тавьж өгчээ. Гэтэл зах зээл нэмэгдэн өргөжиж, хэрэгцээ нэмэгдсээр л байв. Уг хэрэгцээг мануфактур ч хангаж хүчин хүрэхгүй болов. Тэгэхэд уур, машин хоёр аж үйлдвэрт хувьсгал хийжээ.” Энэ хэдэн мөрнөөс харвал аж үйлдвэрийн хөгжил нь цех, мануфактур, аж үйлдвэр гэсэн дараалалаар хөгжисөн гэдгийг төвөггүй ажиглаж болно.

Бид 70 жилийн хугацаанд босгосон аж үйлдвэрүүдээ ардчилсан нийгмийн шилжилтийн үед сүйрүүлсэн нэг том алдаа байгаа. Харин өнөөдөр энэ алдаагаа засахын тулд аж үйлдвэрээ босгох бидний төлөвлөгөө нь бидний хөлийг тушаад байгаа гэдгийг сайн ойлгохгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрээ босгох процесийг  эхнээс нь буюу цех, мануфактур монголчилбол жижиг дунд үйлдвэр, бизнесийг дэмжих төлөвлөгөөнүүд маань зөв үү? Буруу юу? Гэдэгийг бодох цаг болжээ.
Өнөөдөр дэлхий даяаар хөдөлмөрийн хуваарь тогтсон үед нэг зүйлийг бид анзаараагүй бололтой. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, ядаж дотооддоо өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах нь жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчидийн хувьд бараг боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл дамбын эцэст байгаа иргэн Долгор суудалын бүрээс хувиараа оёоод Zig Zag-ийн хэмжээнд өрсөлдөхүйц брэнд бүтээх тэнгэрээс од шүүрэхтэй адил. Үүнтэй адилаар хашаандаа машин засдаг иргэн Болд Делта автосервисийн хэмжээнд нэр хүндтэй, бизнес нь бас чамлахааргүй ашиг олж чадна гэдэг бас хүнд асуудал. Харин энэ бүгдийг ашиг орлоготой ажилуулах арга бол байгаа. Тэр боломж нь өнөөдөр монголд жижиг дунд үйлдвэрийг биш харин илүү том аж үйлдвэр, бизнесүүдээ дэмжих замаар жижиг дунд бизнесийг дэмжих боломжтой юм.
Энгийн жишээ татвал Солонгосын жижиг дунд үйлдвэрүүд бараг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй харин солонгосын хамгийн томд тооцогдох аж үйлдвэрүүдээс ирэх захиалгын ажилаар жижиг дунд үйлдвэрүүд амьдардаг. Том үйлдвэрүүд уг жижиг ажилуудыг хийж чадахгүйдээ бус харин эдгээр жижиг туслан гүйцэтгэгчид илүү түргэн бас илүү бага зардалаар уг ажлыг хийдэг учраас жижиг дунд үйлдвэрүүд ажилтай байдаг юм. Хамгийн энгийнээр гэхэд Хюнда үйлдвэрийн ажилчин жижиг үйлдвэрт ажилдаг ажилчидын хэмжээний цалин хөлсөөр Хюндагийн үйлдвэрт ажилахгүй. Мөн Хюндагийн үйлдвэр эдгээр жижиг деталуудад цаг хугацаа нөөц бололцоогоо тавихаас илүүтэй өөрийн бүтээгдэхүүний ерөнхий стандарт, ажилгаа зэрэг илүү томоохон зүйлсдээ өөрийн хүч хөрөнгөө хаяахыг илүүд үзэж байгаа гэсэн үг. Гэхдээ уг ажиллагааг том нь жижигээ шулах гэдэг байдлаар харвал их өрөөсгөл ойлголт болно. Учир нь зах зээлийн нийгэмд нэг том хууль байдаг нь хэн илүү эрсдэл хүлээж чадна тэр илүү хоол халбагдах эрхтэй гэдэг хууль. Махчилбал жижиг үйлдвэрээс хямд үнэтэй нийлүүлсэн детальд алдаа гарвал уг эрсдэлийг Хюнда групп өөрийн нэр хүнд, ашиг орлогоор хүлээх учраас үүнийг том нь жижигээ мөлжих хэлбэр гэж ойлгож болохгүй юм.
Илүү ойрын жишээ татахад Жигүүр гранд барилгын компани өрлөгөө өөрсдөө хийхээс илүүтэй өрлөгийн жижиг компаниар өрлөгөө хийлгэх нь илүү түргэн шуурхай, бас хямд төсөр тусна. Энэ үед аль аль нь хожих бөгөөд том нь ч ашигтай жижиг нь ч ашигтай бас ажилтай гэсэн үг.
Үүнийг  өргөн хүрээгээр харвал Оюу толгой, Тавантолгой гэх мэт дэлхийн хэмжээний аж үйлдвэрүүд ашиглалтанд ороход түүнд хамгийн энгийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх компаниас эхлээд, ажлын хувцас, цэвэрлэгээ хийх зэрэг жижиг дунд, бүр монголдоо том гэж тооцогдох компаниуд ашиг орлого нэмэгдэж ажилтай болно гэсэн үг.
Тийм учраас бид XXI зуунд эдийн засгаа босгохын тулд жижиг бизнесээ дэмжихээс илүү зах зээлийн өрсөлдөөн дунд үлдээж том бизнес, аж үйлдвэрүүдээ түлхүү дэмжиснээр том нь жижигээ авч явах бололцоо бүрдэх юм. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд олон хүчин зүйлс шаардагдах бөгөөд тэдгээр зүйлсийн талаархи бодлоо удахгүй та нөхөдтэй хуваалцах болно.

Цоомоо 2014.2.16

2 comments: