2014-01-09

ҮНЭТ ЗҮЙЛ


Сүүлийн үед монголын нийгэмд 2 үзэл бодол ихээхэн сөргөлдөн зогсож байгаа бөгөөд нэг талд үндэсний үзэл нөгөө талд интернационал буюу глобал үзэлийн зөрчил илт ажиглагдаж байна. Үндэсний үзэлийн хамгийн энгийн илрэлүүд бол бөгсөн дээрээ хөх тамгатай,  би болон бусад гэх мэт. Уг үзэлийг нэг шат ахиулбал монгол болон бусад орон гэх үзэл ихээхэн дэлгэрч байна. Харин нөгөө талд нь глобал үзэлтэнүүд монголчууд хэнээс ч илүү бас хэнээс `ч дутуу биш үндэстэн бүх ард түмэнтэй нэгэн адил харьцах ёстой гэсэн үзэлтнүүд байна. Ямартай ч энэ удаа үндэсний үзэлтнүүдийхээ талд орж нэг юм чадан ядан сараачих гэж оролдолоо. Ингэлээ гээд ямар нэгэн байдалаар хөх ногоон тамга гэх мэт мухар сүсэгээр баяжсан гүн ухаанчлал ярих гэсэнгүй харин арай ул суурьтай гаргалгаа гаргаж ирэх гэсэн санаа юм.

Өнөө цагт бидний глобалчлал гэх нэрийн доор дэлхий бөөрөнхий боловч нийгмийн байгууламжын хувьд хавтгай болсон гэх үзлийг европ төвт үзэлтнүүд сурталдах боллоо гэтэл үнэхээр тийм байж чадах уу? Гэсэн хариулт яах аргагүй босож байгаа юм. С.Хатингтон нэгэнтээ исламын ертөнц, барууны ертөнц(Европ болон АНУ) хоёрын зөрчил бол энгийн шашины зөрчил биш иргэншил хоорондын зөрчил гэж хэлсэн байдаг. Үнэхээр тийм бөгөөд энгийн бидний нүдээр уг зөрчил энгийн шашины зөрчил мэт харагдах боловч хэдэн үеээр (1500 гаруй жил) үргэлжилсэн иргэншил хоорондын мөргөлдөөн, дайн байсан юм. Уг мөргөлдөөн нь цар хүрээ, цаг хугацаагаараа хүйтэн дайны үетэй харицуулашгүй илүү том зөрчил бөгөөд исламын ертөнц бий болсон цагаас эхэлсэн юм. Харин яагаад ийм зөрчил болдог вэ гэвэл 2 идэвхитэй иргэншил ойртох тусам болдог жам ёсны сөргөлдөөн юм.
Л.Гумилев “Угсаатны нийлэгжилт ба дэлхий шим мандалын бүрхүүл” гэх угсаатан зүй, иргэншилийн онолын талаархи бүтээлдээ соёл иргэншил гэх нэршилийг хэт угсаатан гэх нэршилээр авч үзсэн бөгөөд ориглох шинж буюу пассионар шинжийн өндөр чадвахитай хоёр хэт угсаатан мөргөлдөх үед хэзээ ч зохиролт байдал үүсдэггүй бие биенээ хядах байдлаар л өндөрлөдөг учир утгагүй дайн дэгддэг гэж үзсэн юм. Энд нэгэн зүйл гарч ирж байгаа бөгөөд соёл иргэншил буюу хэт угсаатаныг ялгах шинж бол бид болон бусад гэсэн үзлээр өөрийгөө цэнэглэсэн хамт олон юм. Мөн уг сараачилттай цаашид иргэншил гэх нэрийг хэт угсаатан гэх нэршилээр авч явж хожим солих болно.
Тэгвэл тал нутагт  юу болж байсан бэ?
МЭӨ III зуунд тал нутагийн ууган ард түмнүүд суурин амьдарч холимог аж ахуй(газар тариалан, мал аж ахуй) эрхэлдэг байсан юм. Гэвч МЭӨ I зууны дундуур аймшигт хуурайшилт болж, усалгаат газрын хөрсний давхрааг эвдэж, элсэрхэг болгожээ. Салхи элсийг тал руу хийсгэж, түүний ихэнх хэсгийг газар тариаланд тохиромжгүй болгов. Гантай үеүдэд өвс ногоо ховордож, мал сүргийг өвс ногоо байгаа газарт адгуулах болж, мал аж ахуйд шилжив. Ингэж энэхүү тал нутагт нүүдлийн мал аж ахуй үүсэв. Нүүдлийн мал аж ахуй нь цаг уурын хэлбэлзэл, эртний газар тариаланчдын аж ахуйгаа эрхлэх явдлыг хослуулахад үүссэн нөхцөлд аж ахуйн системийг зохицуулах арга болон үүссэн юм.
Тэр үед(МЭӨ III-МЭ III) тал нутгийн нүүдлийн хэт угсаатны төлөөлөгчид болох Хүннү, Сянби зэрэг овгууд ээлж дараалан товойн гарч Хан гүрэн буюу Эртний хятадын хэт угсаатны эсрэг сөрөн зогсож байсан. Гэвч МЭ III зуунд тал нутагт  аймшигт ган нүүрлэж хүннү, сянби зэрэг овгуудын хэсэг хойд хятадруу түрэн орж Табгач гүрнийг үндэслэн МЭ 586 он хүртэл тогтсноор унасан юм. Уг уналтыг табгач нар хятадад ууссан гэж ярих боловч үнэн хэрэгтээ хоёр хэт угсаатны мөргөлдөөн нь эцэс төгсгөлгүй хядлагаар дуусч эртний хятадын хэт угсаатан нүүдлийн хэт угсаатаны нэгэн төлөөлөгч нар хамтдаа  устаж уг суурин дээр дундад зууны хятадын хэт угсаатан бий болсон юм. Ингээд хуучин нэрээр нэрлэгдсэн шинэ Табгач угсаатан кунзийн үзэл суртал дээр Тан гүрнийг 618 онд үндэслэсэн юм. Харин шинээр мэндэлсэн хятадын хэт угсаатны түрэлтийг тал нутгийн хэт угсаатны төлөөлөл болох Түрэг угсаатан сөрж зогссон юм. Үүний дараагаар XI зууны үед монгол, зүрчидийн хэт угсаатны бүхэллэг үүссэн бөгөөд  ээлж дараалан төв азид өөрийн хүчирхэг гүрнүүдийг үндэслэж байсан юм.
XIII зуунаас цэл залуу Монголын хэт угсаатны бүхэллэг хятадын хэт угсаатны эсрэг сөрөн зогсох бодит хүчинг бүрдүүлсэн бөгөөд энэ үед ч мөн хоёр хэт угсаатны мөргөлдөөн зогсоогүй юм. Энгийн жишээ хэлэхэд Хубилай хаан бүх хятадыг нэгтэгсэний дараа өөрийн зуны амралтын ордонгоо хээр талд тусад нь бариулж байсан бол хятад хүн монголын дарлалын үед монголоос орж ирэх малын гаралтай бүх бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больж байсан юм. Харин үүнээс хойш 1368 онд монголын төр хятадад унан хожим 1691 онд Зүрчидийн хараат болох хооронд өөр үйл явц болсон бөгөөд энэ талаар “Тусгаар тогтнол” сараачилтадаа бичсэн тул энд бичилгүй үлдээе.
Уг зөрчилийн талаархи орчин үеийн жишээ бол 2012 онд болсон өвөрмонголын бослого бөгөөд уг бослого эрх чөлөөний бослогоос илүүтэй хэт угсаатны хоорондын зөрчил байсан гэж үзэх үндэс байгаа юм.
Одоо эргээд хэт угсаатан гэх нэрээ иргэншил гэх нэрээр солих үед нэг асуудал босч ирэх бөгөөд учир нь дэлхийн алдартай иргэншилийн онолын төлөөлөгчид Монголыг бие даасан иргэншил гэдэг дээр өдийг хүртэл эсрэг байр суурьтай байдаг бөгөөд жишээ нь түүхийг сөргөөр бүтээгч ард түмэн, соёл иргэншилийн зах хязгаар гэх мэтээр нэрэлдэг. Харин бидэнтэй хэдэн мянган жилийн турш алалдаж ирсэн хятадыг бол бие даасан иргэншил гэдэг дээр санал нэгддэг юм. Үнэхээр онолын талаас нь тийм гээд хүлээн зөвшөөрмөөр боловч С.Хатингтоны бичсэн шиг исламын иргэншил барууны иргэншил хоёрын ил болон далд зөрчилийн нэгэн адил хятад монгол гэсэн хоёр иргэншилийн зөрчил үнэхээр байгаа юм.
Мөн интерноционал үзэл буюу глобалчлал гэх нэрийн доор соёлын нэгдэл гэх зүйл хэзээ ч гарах боломжгүй харин эдийн засгийн харилцаанд бол хүссэн хүсээгүй глобалчлал явагдаж байна. Харин соёлын глобалчлал хийхийг оролдож байгаа барууны ертөнцийн эсрэг өнөөгийн бүхий л соёл иргэншилүүд сөрөн зогсож байна. Монголд  мөн адил хятад нэг дүгээр дайсан гээд араас нь дугаарлах биз. Энэ бол монгол тэнэг мунхагаас болоод байгаа хэрэг бус өөр иргэншилийг сөрөн зогсох монгол иргэншил байгаагийн нэг илрэл биз.
Монгол бол хэнээс ч илүү биш бас хэнээс ч дутуу биш ард түмэн гэхдээ бусдаас өөр иргэншил. Гэхдээ үүнийг зүгээр монгол иргэншил байгаа гээд цээжээ дэлдэх биш онолын гарцаагүй гаргалгааг гаргах шаардлага байгаа бөгөөд энэ бол бидний хувьд үнэт зүйл, ашиг сонирхол юм. Учир нь ашиг сонирхол, үнэт зүйл гэдэг ганц эдийн засгийн бус үзэл суртал дээр ч байдаг юм.
Уг сараачилтанд С.Хатингтон-Иргэншил хоорондын мөргөлдөөн, Л.Гумилев-Угсаатны нийлэгжилт ба дэлхий шим мандалын бүрхүүл, Л.Гумилев Их талын хүмүүс ба байгаль, Судлаач С.Ганхуяг-Иргэншилийн онолууд (шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллэг) зэргээс жишээ авсан болно.

ЦООМОО 2014.1.9

No comments:

Post a Comment