2014-01-02

ТУСГААР ТОГТНОЛ

ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛЫН 102 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ
Удахгүй монголчуудын хувьд цар хүрээгээр биш ч нэр хүндээр хамгийн том баяр тусгаар тогтнолын өдөр болох гэж байна. Чин гүрний 220 гаруй жилийн дарлалыг 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр VIII Богд Жавзандамба хутагтаар удирдуулан унагасан юм. Энэ тухай бүгд мэдэх авч үүнээс өмнө ямар үйл явц өрнөснөөс дорнын хүчирхэг гүрэн Монгол Манжын эрхшээлд орсон талаархи мэдээлэл, баримт сэлт хомс бөгөөд ямартай ч улс төрийн түүхээр бол Юан гүрэн задран унаснаар монголд феодлын задрал эхлэсэн мөн Бурханы шашин нэвтэрсэнээс болсон гэх мэт үйл явдалын талаар цухас дурдах бөгөөд  тухайн үеийн түүхийг ихээхэн гутамшигт үйлдэл мэтээр бараг сөхөж ярьдаггүй.
Миний хувьд яагаад феодолын задрал болсон,  шарын шашин хүчтэй нэвтэрсэн зэрэг олон зүйлс оньсого мэт санагдаж байсан боловч саяхан Лев Гумилевийн “Угсаатны нийлэгжилт ба дэлхийн шим мандалын бүрхүүл”(Орчуулагч Д.Ганхуяг) гэх гайхамшигт бүтээлийг уншиснаар үүний учрыг магад бага зэрэг тайлж байгаа санагдалаа. Гэвч би айхтар өндөр боловсрол эзэмшээгүй учир энэ гайхалтай бүтээлийг ядмаг ойлгосон байж мэдэх ч лавтай учрыг нь олох гэж хичээсэн зүйлсийн хариутай нэлээн давхцаж байгаа санагдасан учир таньд өөрийн энэ сараачисан зүйлээ зориулах гээд байна.
Ямартай ч нэг зүйлийг зарим нь анзаараагүй бололтой. 12 дугаар сарын 29 ний өдөр бол “Үндэсний тусгаар тогтнол” -ын баяр биш “Үндэсний эрх чөлөөний хувьсгал”-ын ой болж байна. Энэ талаар гүүглээр хайгаад үзэхэд 2008 оны тогтоол дээр ийм нэртэй байсан юм. Өөр нэртэй бол хүлцэл өчье.
Хоёр нэр утгын талаасаа адил мэт санагдавч том ялгаатай нэр юм. Учир нь энэ үед (1911 он) халх монгол тусгаар тогтнолоо зарласан боловч монгол үндэстэн тусгаар тогтнолоо бүрэн зарлаж чадаагүй юм. Монгол улс бол монгол үндэстэний зүрхэнд орших 3 сая монгол үндэстэнээс буюу монгол үндэстэний нэгээхэн хэсгээс бүрдсэн тусгаар улс юм. Өдгөө биднийг тойрон буриад монгол, өвөр монгол, халимаг, тува гэх туурга тусгаарлаагүй монголчууд байгаа нь нэг утгаараа уг хувьсгалын үйл явц дуусаагүй байгаа гэсэн үг мэт. Би үүгээр ямар нэгэн панмонгол санаа оноо гаргах гэсэндээ биш бодит байдлыг яриад байгаа хэрэг.
Бид өдийг хүртэл нэг зүйл дээр ихээхэн төөрч будилдаг бөгөөд Манжын дарлал гэж ярих боловч үүнийг хятадын дарлал мэтээр ойлгодог юм. Манж үндэстэн нь алтайн хэлний язгуурын тунгус хэлт анчин нүүдэлчид бол Монгол үндэстэн нь алтайн хэлний язгуурт багтах монгол хэлт нүүдэлчид юм. Хятад 1640-1683 онд Манжын дарлалд орон 1911 онд Халх монголтой хамт тусгаар тогтнолоо заралсан үндэстэн учраас хятадууд монголыг даралсан байх ямар ч боломжгүй.
Манжийн дарлал гэх нэршилийг Баабарын Нүүдэл Суудал ном гарсанаар Манжын вассал  байсан гэж ярьж байгаа боловч вассал гэх нь бидний хувьд тохиромжгүй юм. Учир нь өөрийн эзнээс (хараат улсаасаа) цалин авч зүтгэхийг вассал гэх бөгөөд тухайн эзэн нь вассалдаа цалингаа өгч чадахгүй үед вассал эзнээ сольж болдог. Тэгэхээр монголчуудын хувьд хэрвээ манжын вассал байсан гэж үзвэл 1911 онд Чин гүрэн доройтох үед тусгаар тогтнолын тэмцэл хийлгүүгээр тусгаар улс болох бололцоотой гэсэн үг юм.
Бага зэрэг түүхийн мэдлэгээ сэргээвэл.  1616 онд Манжыг Нурхач баатар нэгтгэсэнээр хоёр зуу орчим жилийн түүхтэй дорнын хүчирхэг гүрэн Чин-г үндэслэжээ. Чин гүрний 2 дахь хаан Амбагай 1636 онд Өвөрмонголыг нэгтгэсэнээр Монголыг эзлэн түрэмгийлэх явдал эхлэж  гуравдахь хаан Эеээр засагчийн монгол хатнаас төрсөн Энх-Амаглан хаан 1691 онд Долооннуурын гэрээгээр халх монголыг  Чин гүрэнд нэгтгэснээр халхууд 220 жилийн тусгаар байдалаа алдсан юм. Харин монгол үндэстэн нийтээрээ тусгаар байдалаа 1758 аад онд Манжийн зургаа дахь хаан Цян Лунь Зүүн гарын эзэнт гүрнийг эзлэн түрэмгийлсэнээр эхэлсэн юм. Уг түрэмгийлэлээрээ нэг сая орчим ойрдыг толгой дараалан хядаж аймшигт геноцит явуулсан юм. Тэгэхээр монгол үндэстэн тусгаар байдлаа алдсан хугацааг 1691 оноос хойшлуулан 1758-н оноос эхлэн тоолбол зүйтэй мэт.
1758 оноос тоолох нэг үндэслэл нь Монголчуудын хэт угсаатан (Л.Н.Гумилев) гэх тодорхойлолт юм. Жишээ нь АНУ бол Ангилаас салсан нэг угсаатан бөгөөд герман-романы хэт угсаатаны бүлэгт хамаардаг юм. Үүнтэй адилаар жишээ нь 1688 онд манжид захирагдахаас илүүтэй орост захирагдахыг дээрд үзсэн буриад-монголчууд юм.
(ЖИЧ: Хэт угсаатанд жишээ нь Исламийн ертөнц, Христианы ертөнц, Хятад мөн Монгол багтах юм)
Бидний манжын дарлалд  орсон учрыг улс төрийн түүхийн талаас авч үзвэл монголд феодлын задрал гээч аймшигтай зүйл болж ар, өвөр, баруун, зүүнээрээ талцан бие биенийгээ хөнөөж байснаас болж нэгдэж нийлж чадалгүйгээр хэсэг хэсэгээрээ манжын дарлалд орсон гэж үздэг. Тэгвэл феодлын задрал гэх энэ үйл явцыг өөр талаас  нь авч үзвэл тухайн үед тал нутагт дөрвөн зуун жил тутам болдог хуурайшилтын үе эхэлсэнээр аймаг хоорондын нэгдмэл байдал аажимдаа багсахын зэрэгцээ монголчуудын оргилох шинж дахин нэмэгдсэнээр хоорондоо нэгдэн нийлэх үйл явц бололгүй цус урсагсан тулаанууд ихээхэн болсон гэж үзэж болох юм.
ЖИЧ: (Оргилох шинж гэдэг нь физикээр бол эрчим хүч нэмэгдэх гэсэн утга буюу хүнийг хөдөлгөгч их томоохон хүчин зүйл гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл уран бүтээлч хүн ямар нэгэн оргилох шинжгүйгээр уран бүтээл гаргах бололцоогүй бол цэрэг хүн оргилох шинжгүйгээр тулаанд амь насаа хайхралгүй бүх хүчээ дайчлан тулалдах боломжгүй юм. Суурин ард түмэн оргилох үедээ оршин байх ландшафт буюу газар нутгаа өөртөө нийцүүлэн засаж хот бариж, газар тариалангийн аж ахуйгаа сайжруулан амьдардаг бол нүүдэлчдийн хувьд оргилох үедээ нэгдэн нийлж чадвал гадагшаа дайн тулаан хийх байдлаар уг эрчим хүчээ зарцуулдаг онцлогтой юм.)
Ямар ч ард түмэн их хэмжээний цус урсгасаны дараагаар тайван байдлыг илүүтэй эрхэмлэдэг учраас 1691 онд Чин гүрэн Халх монголд тайван байдлыг амалсанаар Халхууд Чин гүрний эрхэшээлд орсон юм. Тэр үеээс эхлэн иргэний дайн зогсож тайван байдал тогтсон юм.
Энэ үетэй давхацан монголд дутагдаж байсан зүйл нь соёлын үзэл санаа(нэг талаар шашин) байсан бөгөөд олон жилийн цуст дайнуудаас залхан тайван байдлыг эрхэмлэх болсон ард түмэнд хамгийн тохирсон шашин нь Буддын шашин байсан юм. Хүн ер нь тухайн нийгмийн аж амьдралдаа зохицсон шашинийг сонгох нь олонтой бөгөөд жишээ нь худалдаачин Уйгаруудын хувьд Христосын шашины эд хөрөнгө цуглуулах, гэр бүл болох зэргийг хориглодоггүй шалтгаанаар христосын шашинд орсон байдаг.
Буддын шашин авсан бас нэгэн том шалтгаан байгаа бөгөөд энэ талаар сүүлд авч үзэх болно.
Үүнээс үүдэн монголчуудын тайван байсан үеийг Буддын шашин шүтсэнээс болсон гэж үздэг нь эндүүрэл бөгөөд. Хэрвээ тийм гэж үзвэл 1911 оны эрх чөлөөний хувьсгалын гол тоглогч нь VIII Богд байсаныг юу гэж тайлбарлах вэ? Тэгэхээр ямар ч байсан монголчуудын хувьд манжын дарлал гэх үе үнэхээр гутамшигтай мэт санагдах авч тэр үед лавтай хоёр гурван зуун жилийн иргэний дайны үе дууссанаар монголчуудын хувьд туйлын таатай цаг үе ирсэн юм. Мөн бидний үздэгээр Монголчууд 200 жилийн турш манжийн дарлалтай тэмцсэн зүйл байхгүй бөгөөд ганц нэг бослого хөдөлгөөн бол гарж байсан нь үнэн юм. Ер нь ямар ч сайн засаг байлаа гээд нийгмийн хорин таван хувь эсэргүүцдэг гэсэн судалгаа байдаг. Мөн монголчууд Манжын дарлалын үед гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан гэдэг бас өрөөсгөл ойлголт бөгөөд Чин гүрэн өөрөө тэр чигтээ гадаад ертөнцөөс өөрийгөө хаасан байсан юм.
Улмаар 1800 гаад оны үед Чин гүрний Англитай хийсэн хар тамхины гурван дайн, Шинжааны бослого зэргээс сулдан доройтоход түүний захиргаанд байх Монгол орны хувьд мөн хүнд байдал эхэлсэнээр Монголчуудын эрх чөлөөний тэмцэл дээд цэгтээ тулж ирсэн юм.

ЦООМОО 2013 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20

No comments:

Post a Comment